| | USD/MNT 0₮

А.АМБАСЭЛМАА:АРД ИРГЭДИЙН ДУНД ӨВЧЛӨЛ ГАРАХ ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР БАЙНА

Монгол Улсад коронавирусийн 41 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Өнөөдрийн байдлаар дээрх батлагдсан 41 тохиолдлын 13 нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж, эмнэлгээс гарч дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Гадаадын дөрвөн иргэн эмчлэгдснээс Франц иргэн эдгэрч нутаг буцсан байна.

Одоогоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээ болоод эмнэлзүйн шинж тэмдэг ямар байгаа талаар, мөн өвчтөнүүдийн биеийн байдал хэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаатай ярилцлаа.

-Сүүлийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ хэдэн хүн ирсэн бэ. Сэжигтэй тохиолдол хэд бүртгэгдэж, халдвартай хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Гурван онгоцоор 800 гаруй иргэн ирж тусгаарлалтад орсон байна. Эхний шинжилгээнүүдийн хариу бол гарсан. Сэжигтэй тохиолдол бол гараагүй. Харин батлагдсан гурван тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэдгээр иргэдтэй хамт ойр сууж ирсэн бүх хавьтлуудыг нь тусгаарлаж шинжилгээ хийсэн байгаа. Шинжилгээг нэг хүнээс давтангаар буюу 4-5 удаа ч авч болно. Харин эхний шинжилгээгээр сөрөг хариутай гарсан бол ойр ойрхон удаа хийнэ гэсэн зүйл байхгүй.

-Эмчлэгдээд гарсан иргэдийн хувьд гэрийн ажиглалтын хугацаа дуусаад нийгмийн харилцаандаа орсон уу?

-Сүүлийн тохиолдол гэхэд 20 гаруй хоноод эмнэлгээс гарсан. Зарим нэг нь бараг хоёр сар гаруй хугацаанд эмчлүүлээд гарах тохиолдол ч бий. БНСУ-аас халдвартай ирсэн эхний хоёр тохиолдол эмчлэгдээд гарсан. Гэртээ тусгаарлагдах хугацаа дуусч, нийгмийн харилцаандаа эргэн орж, ажил хөдөлмөрөө хэвийн хийж байгаа. Өнөөдрийн байдлаар гурван хүн нийгмийн харилцаанд орсон.

-Тусгаарлах байранд гарсан иргэдийг хэрхэн яаж хянаж байгаа вэ?

-Шинэ халдвар болохоор дэлхий нийт сонирхож байна. Манай улсын хувьд өдөр бүр шинжилгээгээр хянаад гурван удаа сөрөг хариу гарвал хяналтын ажиглалтын байранд гаргаад эмч нар 14 хоног хянана. Энэ хугацаанд дахин хамар болон залгиурын арчдас, цусны шинжилгээ авна. Тэгээд хүний биеийг нь харж байгаад эмнэлгээс гаргаад гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. Тухайн иргэн гэртээ өөрийгөө хянахаас гадна дүүргийн болон Өрхийн эмнэлгийн эмч нар мөн хяналт тавих хугацаандаа түргэвчилсэн тестээр сорил тавина.  

-Олон улсад коронавирусээр өвчлөөд эдгэрээд эмнэлгээс гарсан ч эргээд өвчлөөд байна гэсэн мэдээлэл бий?

-Олон улсын мэдээллээр бол дахиж эргээд өвдөх тохиолдол байна. Гэхдээ манайд эмчлэгдээд гарсан хүмүүст буцаад ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн зүйл байхгүй. Гэвч бид хянана. Эмч бид нарын цаг наргүй ажиллаж байгаа хөдөлмөрийг ард иргэд ойлгох хэрэгтэй байна.

-Манайд халдвартай байгаа иргэдийн биеийн байдал хэр зэрэг байгаа вэ?

-Монголд коронавирусийн халдвар авсан 41 хүний 804 хувь нь хөнгөн, 14.6 хувь хүндэвтэр, таван хувь нь маш хүнд байна.  Дээрх иргэдийн 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй. Нийт өвчтөнүүдийн 60 хувь ОХУ-аас ирсэн хүмүүс.

-Насанд хүрээгүй гурван хүүхэд өвчилсөн гэсэн. Тэдгээр хүүхдийн биеийн байдал хэр байна вэ?

-11-16 насны гурван хүүхэд халдвараар өвчилсөн. Нэг хүүхэд нь бүрэн эдгэрч гарсан. 11, 12 настай хоёр хүүхэд хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Зовуурь багатай, шинж тэмдэг балархай байсан. Гэхдээ бие нь сайжирч байна.

-Уг халдварт ихэвчлэн ямар хүмүүс өртөөд байна вэ?
-Халдвар авсан хүмүүсийн дунд зүрх, судас, бөөр элэгний хавдар гэх мэт архаг хууч өвчтэй иргэд байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн эмзэг бүлгийн хүмүүс коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Эдгээр иргэдэд хоолой өвдөх, дотор муухайрах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа уушгины хатгалгаа болон хүндэрч байна. Ерөнхийдөө өвчний явц эхэндээ удаан, шинж тэмдэг бүдэг байснаа 3-4 дэх хоногоос халуурч, 6-7 хоногийн дараа уушгины хатгалгаа болж байна.

-ХӨСҮТ халдвартай болон сэжигтэй иргэдийн хэвтүүлэх хэчнээн ор байгаа вэ?
-ХӨСҮТ-ийн 50 ортой тусгай тасагт коронавирусийн халдвартай болон сэжигтэй иргэдийг хэвтүүлж байна. Энэ тасагт одоогоор дөрвөн багийн эмч нар ажилласан. Энэ эмч нар маань коронавирусийн халдвартай болон сэжигтэй хүмүүстэй 14 хоног ажиллана. Гарч ирээд 14 хоног тусгаарлагдана. Гэртээ 28 хоног очихгүй байгаа.  
-Дэлхий нийтэд цар тахал гэж нэрлэчихээд байхад монголчууд бид хэтэрхий хэнэггүй хайхрамжгүй байна. Цаг дулаарах тусам гадуур хөл хорионы байдал цалгардаад байх шигээ?

-Дэлхийд цар тахал гээд зарласан байхад Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал. Бид нар эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж, ажиглаж байна. Цаашид ч гаднаас иргэдээ татаж авна гэж байгаа. Хойд хөршөөс иргэдээ татаж авах учраас санамсаргүй хэн нэгэн нь хяналтгүй ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ард иргэдийн дунд өвчлөл гарах эрсдэл маш өндөр байна. Тийм учраас иргэд энэ халдварт өвчний талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй баймаар байна. Өөрийгөө хянах ёстой. Сэрэмжлүүлэг болгон иргэдэд хандаж эмнэлзүйн шинж тэмдгийг сайн хэлж зааж өгч байна. Гэхдээ иргэд айж түгшиж, худал хуурмаг мэдээллээр тархиа угааж болохгүй гэдгийг хэлье.

Дэлхий нийтэд хүн бүхэн энэ халдвараар өвчлөх боломж бий шүү. Сүүлийн үед бүртгэгдэж байгаа халдварын 50 гаруй хувь нь ямар ч эмнэлзүйн шинжгүйгээр бүргэгдээд байна. Тийм учраас иргэдэд хандаж хэлэхэд, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайн угаах, хүн хоорондын зайгаа сайн барьж явах нь энэ халдвараас сэргийлэх хамгийн чухал арга юм шүү.

Хэрвээ хүн амын дунд халдвар тархлаа гэж бодоход иргэд маань бэлтгэлтэй, сэтгэлзүйн дархлаатай байх ёстой. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй байж ар гэрээ, өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг дахин дахин онцлон хэлье.

 

 

 

Монголд коронавирусийн халдвар авсан 41 хүний 804 хувь нь хөнгөн, 14.6 хувь хүндэвтэр, таван хувь нь маш хүнд байна. Дээрх иргэдийн 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй. Нийт өвчтөнүүдийн 60 хувь ОХУ-аас ирсэн хүмүүс.
Ярилцлага

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.