Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн тушаал дэвшиж, Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийгдлээ. Тодруулбал, БНХАУ-д болон БНСУ-д суух Элчин сайдыг, мөн Монголбанкинд хоёр томилгоо хийлээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилж, О.Эрдэмбилэгийг ажлаас нь чөлөөллөө.
Г.Дөлгөөний хувьд өнгөрсөн 2018 онд шинээр бүрдсэн Засгийн газрын томилгоогоор Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан түүхтэй. Ийнхүү хоёр жил гаруй хугацаанд гүйцэтгэх захирал хийсэн тэрбээр төрийн гэх тодотголтой мөнгөний чиг үүргийг хэрэгжүүлэгч Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болтлоо тушаал дэвшлээ.
Төрийн гэсэн тодотголтой болгоны удирдлагаар тэр улс төрчийн хамаатан, тэрний хүн томилогдсон гэсэн шүүмжийг дагуулдаг. Үүний тод жишээ нь төрийн өмчит Монголбанк юм.Тэгвэл энэ банкинд ирж байгаа Г.Дөлгөөн дээрх шүүмжийг тойрсонгүй, дайрлаа. Магадгүй Засгийн газрын тэргүүнтэй түүний аав Н.Ганбямба нь нэг нутаг ус болохоор нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Ер нь эрх баригч нам олонхиороо залуу хүнийг дэмжиж гаргалаа гэж харж болно. Эцгийн болон эрх баригч намын нөлөөлөл байгааг үгүйсгэхгүй.
2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж, оронд нь 30 гаруйхан настай Г.Дөлгөөнийг томилж байсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл хоёр жил ажиллаад дахиад тушаал дэвшиж байгаа түүнийг залуу хүн гэхэд мэдлэг боловсролтой нэгэн гэж харж болох ч цаагуураа улс төрийн нөлөөлөл байв уу даа гэсэн хардлага байна.
Шинэ тэргүүн дэд ерөнхийлөгчГ.Дөлгөөн чуулганы хуралдаанд “Миний бие 2018 оны нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх ажлаа хүлээн авсан. Баланс хүлээн авах үед хасах 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Төрийн банк түүхэндээ ашигтай ажиллаж чадсан. Чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны бүх журмыг бүрэн хангасан.
Гадаадын аудитын байгууллагад өнгөрсөн оны тайлангаа явуулсан.
Банк балансаа нэлээд тэлж чадсан. 2.3 их наядын актив 3.2 их наяд буюу 1 их наядаар нэмэгдсэн. Олон улсын зарим нэр хүндтэй шагналуудыг авсан. Зээлийн хүүг бууруулах тал дээр эдийн засагч хүний хувьд хэлэхэд, банк санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эх үүсвэрийн зардлыг бууруулах тал дээр эрчимтэй ажиллах ёстой. Саарал жагсаалтаас гарч гадаадаас бага зардалтай эх үүсвэрийг татснаар банкуудын системийн урсгал нээгдэнэ” гэлээ.
ТӨВ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН
Боловсролын байдал:
-2005-2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
-2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр
Ажилласан байдал:
-2008-2016 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч
-2015-2016 онд Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан
-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал
-2018 оноос Төрийн Банкны Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч боллоо.
2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдсэний дараахан Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж, оронд нь 30 гаруйхан настай Г.Дөлгөөнийг томилж байсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл хоёр жил ажиллаад дахиад тушаал дэвшиж байгаа түүнийг залуу хүн гэхэд мэдлэг боловсролтой нэгэн гэж харж болох ч цаагуураа улс төрийн нөлөөлөл байв уу даа гэсэн хардлага байна.