| | USD/MNT 0₮

Эдийн засгийн “алуурчдад” эрүүгийн хариуцлага хүлээлгэж суръя

 

Эдийн засгийн алуурчид гэж дэлхийн бодлого тодорхойлдог их гүрнүүд буурай хөгжилтэй, байгалийн баялаг элбэгтэй, цэрэг стратегийн ашигтай байрлал бүхий улс орнуудыг эдийн засгийн аргаар эрхшээлдээ оруулахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орноо дэмжиж, хөрөнгө оруулж буй нэрээр хамаг баялгийг нь цөлмөж, цаашлаад эзэн суух тухай ойлголт юм.

Манай улсад энэ үнэхээр танил дүр зураг. Ялангуяа уул уурхайн салбар төрийн албанд эдийн засгийн “алуурчид” үүрлэж, улам даам гарч, хайр найргүй, хамгаалах өмгөөлөх сэтгэлгүйгээр улс орны хөгжил, байгаль орчныг сүйрүүлж, ард иргэдийг нь сөхрүүлсээр байна. Эх орноо боддоггүй, эдийн засгийн алуурчдаас болж улс их зүйлээрээ хохирч, хоосорч, эдийн засаг нь хүндэрч хярамцаг болж, элгээрээ мөлхсөн гэдгийг эдийн засгийн судлаачид хэлж байна.

Эдийн засгийн алуурчид зөвхөн гадныхан байдаггүй. Улс дотроосоо эдийн засгаа хөнөөдөг эрх мэдэлтнүүд, томоохон бизнесмэнүүд байна.

Тэд эрх мэдэл, албан тушаалаараа авлига хээл хахуульд идэгдэж, улс орноо гадныханд худалдах, эсвэл өөрсдөө ашиг хонжоо олохоор сүйтгэж байгаа нь үнэн. Тийм л хүмүүсийг бид эдийн засгийн гэмт хэрэгтнүүд буюу алуурчид гэж нэрлэдэг юм.

Тухайлбал, төсвийн мөнгийг хувьдаа завшиж, эсвэл төрийн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө ашиг хүртдэг хүмүүс салбар бүрт, анги давхарга бүрт өсч үржиж энгийн иргэдээ туйлдуулж, эдийн засгаа хямрааж байгаа нь бодит үнэн. Тийм хүмүүс бол яах аргагүй дотоодын эдийн засгийн алуурчид. Гэхдээ гадныхны хөл гар болсон алуурчид ч цөөнгүй бий. Тийм хүмүүст Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэггүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Уг нь бол тэдгээр “алуурчдын” амийг таслах байгууллага бол хууль хяналтын байгууллага. Харамсалтай эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байна.

Манайд их хохирол амсуулсан хэдэн ноцтой эдийн засгийн хэргүүд бүгд сураг алдарсан, хэрэгсэхгүй болжээ. Ингээд олон нийтийн анхааралд байсан хэд хэдэн хэргийг онцолж байна.

Хариас ирж улсыг минь хохироосон Жастин Капла нарыг өршөөсөн

Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр хоригдож байсан АНУ-ын иргэн “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлээд  нутаг буцаасан билээ.  Тэд манай улсад компанийн нэрээрээ үйл ажиллагаа явуулж байгаад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Хамгийн гол нь тэднийг уучилсан ч улсад учруулсан хохирлоо тэд төлж барагдуулах ёстой байсан юм. Гэтэл яав, өнөөдрийг хүртэл хохирлоо төлөөгүй байгаа гэх мэдээлэл бий. Ийнхүү улсыг олон тэрбумаар нь хохироож, цөлмөсөн харийнханд төр төмөр биш, халуун нүүрээ харуулсанд түмэн олон дургүйцдэг ч энэ хэрэг чимээгүй болов.

Хармагтайн ордыг харийнханд худалдахаар зэхсэн үү

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт байрлах алт, зэсний нөөц ихтэй Хармагтайн ордыг харийнханд худалдсан гэх яриа, мэдээлэл өнгөрсөн жил хүчээ авсан билээ.

“Оюутолгой”-гоос ч их орд нөөцтэй эл газрыг харийнханд худалдаж олз омог олох гэсэн эрх мэдэлтнүүд эхнээсээ хэмлэлдэж, хэрээ шиг гуаглалдаж эхэлсэн гэх. 2014 онд Хармагтайн хайгуулын лицензийг "Xanadu Mines" компани худалдаж авахаар болсон гэдэг. Энэ хэлцлийг тэд уг ордод хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авсан “Turquiose Hill Resources" компанитай хийжээ. Ингэхдээ 14 сая ам.доллараар өгч авалцахаар тохирсон сураг сонсогдоод намжсан. Тэгвэл одоо үүнээс ч илүү сая ам.доллараар худалдахаар болсон гэх. Тэгвэл энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нэрээр харийнханд худалдаж, их хэмжээний ашиг хонжоо олох гэж байна гэсэн мэдээлэл чимээгүй болов.

Алдарт хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг замхрав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн алдарт хүргэн Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэрэг АТГ, Улсын ерөнхий прокурор хоёрын дунд явсаар байгаад арайхийж шүүхэд хэргийг шилжүүлсэн ч хэрэг бүр замхарчээ.

Тэгвэл анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хавтаст хэргийг буцаасан гэдэг. Их хэмжээний мөнгөний асуудалд ороогдсон алдарт хүргэн Г.Дэнзэнийг дөрвөн жилийн хугацаанд шалгаж байгаа энэ хэргийг нэг тийш шийдчихэж чадаагүй л байна.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно

Одоогоос олон жилийн өмнө “Жаст” группын ерөнхийлөгч Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, гадны банкнаас их хэмжээний ам.доллар авсан хэрэгт буруутгаж хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ.

Тухайн үед их л сүр дуулиантай Нийслэлийн прокурорууд хэвлэлийн хурал зарлаж, “Ш.Батхүүг цагдан хорьсон, хэргийг шалгаж байгаа” хэмээн мэдээлж байсан удаатай. Тэгвэл удалгүй сэжигтэн этгээдийг батлан даалтад гаргаснаар энэ хэрэг замхрав. Албаны эх сурвалжаас энэ хэргийг асууж тодруулахаар “Эдийн засгийн гэмт хэрэг болохоор шалгахад их хугацаа шаардлагатай байна” гэж ам таглахаас өөр зүйлгүй. Гэтэл хуульчдын хэлж буйгаар ирэх 2020 он гэхэд Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэж мэдээлсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүнэ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас эдийн засгийн авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Мөн хамаатныхаа нэрээр Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, эхнэртээ үнэтэй хаус авч өгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлыг шалгаж байгаа бөгөөд шүүх хурал өчигдөр болох байсан ч ирэх сарын 25-ныг хүртэл хойшлуулжээ.  

Энэ мэтээр эдийн засгийн алуурчдыг өршөөж цаг хугацаа хожиж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийн дор хэрэгсэхгүй болгоно. Ер нь бол хавтаст хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болоод байгааг шүүмжилдэг. Уг нь хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлэх учиртай. Үүргээ биелүүлж хэргээ илрүүлсэн бол зоригтой дуусгах эрх нь ч тэдэнд байх ёстой. Ажиллагаа явуулж хөдөлшгүй баримтаар тогтоосон хэргийг хөндлөнгөөс, прокуророос замхруулж хэрэгсэхгүй болгохыг оролдвол түүнийг нь зоригтой олон нийтэд дэлгэчихдэг байх хэрэгтэй.

Дашрамд дуулгахад 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 290 хүнд холбогдох 221 хэргийг, давж заалдах шатны шүүхүүд 86 хүнд холбогдох 64 хэргийг, хяналтын шатны шүүх 67 хүнд холбогдох 60 хэргийг Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан" хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд нийт 2 тэрбум 503 сая 60 мянга 917 төгрөгийн хохирол учирч, 17 хүнд хөнгөн гэмтэл, 1 хүнд хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байна.

Эрх мэдэл, албан тушаалаараа авлига хээл хахуульд идэгдэж, улс орноо гадныханд худалдах, эсвэл өөрсдөө ашиг хонжоо олохоор сүйтгэдэг, улс орноо хохироодог хүмүүсийг эдийн засгийн гэмт хэрэгтнүүд буюу алуурчид гэж нэрлэдэг.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.