| | USD/MNT 0₮
Олон улсын гэр бүлийн өдөр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр тохиодог.
Энэ жил НҮБ-аас Олон улсын Гэр бүлийн өдрийг угтан зөвлөмж чиглэл өгөхдөө COVID-19 цар тахлын аюулыг анхааруулж, гэр бүлээрээ хамтдаа эрсдэл багатай даван туулахын чухлыг сануулсан байгаа юм.
Тэгвэл энэ өдрийг угтаад БНСУ-д ажиллаж амьдарч байгаа олон мянган монгол гэр бүлийн төлөөлөл болсон О.Одбаатар болон түүний гэргий Х.Ундрахбаяртай ярилцлаа.
Энэ гэр бүлийн хувьд их үнэ цэнэтэй үлгэр жишээ гэр бүл гэж харагдана. Учир коронавирусийн цар тахал ихтэй, хүмүүсийн сэтгэл санаа үймэж айсан энэ өдөр хоногуудад О.Одбаатарынх гэртээ хөл хорио тогтоож, гар утсаараа хөгжилтэй дуу бичлэг хийж цахим сүлжээнд байршуулснаас болж тэдний гэр бүлийн урлагийн тоглолтыг үзэх үзэгчдийн тоо өсч, хэзээ хөгжилтэй бичлэг орохыг хүлээдэг болсон. Хайр халгиж, аз жаргал бялхсан энэ гэр бүлийг харсан, бичлэгийг нь үзсэн хүмүүс цагаахан атаархдагаа бичсэн байсан.
Аав нь дуулна, ээж нь гитар дарна, хүүхдүүд нь бүжиглэнэ гээд авьяастай. Нэг настай бяцхан охин нь ч хүртэл хөгжмийн аянд хөлөө дэвсэж, гараа өргөж эвлэгхэн бүжиглэх нь үнэхээр өхөөрдөм, бас хайрлам билээ.
Бага охин О.Есүйгэн
-Сайн байна уу, өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Танай гэр бүл энэ өдрийг хэрхэн яаж өнгөрүүлж байна вэ?
-Сайн сайн байна уу, юуны түрүүнд олон улсын гэр бүлийн өдрийн баярын мэндийг бүх сайхан гэр бүлүүдэд хүргэж байна. Манай гэр бүлийн хувьд баярын өдрүүдийг гэртээ тэмдэглэдэг юм /ер нь бол ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдэд гэр бүл хамт байх ёстой гэсэн зарчим барьдаг учраас ямар ч баяраар би ажилдаа явдаггүй юм/ өнөөдөр бас гэр бүлээрээ хамт өнгөрүүлнэ.
-Танай гэр бүлийн хамгийн дуртай баяр юу бэ, хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг бол?
-Монголынхоо үндэсний бүх баяруудад дуртай. Монголд байхдаа ах дүү нартайгаа сайхан тэмдэглэдэг байсан. Харин одоо Цагаан сар, наадам, дөхөхөөр жаахан гунигтай санагддаад байдаг. Сүүлийн хэдэн жил шинэ жилийн баярыг гэр бүлдээ өргөн тэмдэглэдэг болсон.
-БНСУ-д халдварын нөхцөл байдал харьцангуй намжсан байгаа бололтой. Нөхцөл байдал хэр байна?
-Нөхөр О.Одбаатар:Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж өдөр өдрөөр халдварын тохиолдол тоо багасаад сайхан байсан. Гэвч харин сүүлийн хэд хоногоос нэг солонгос залуугийн хариуцлаггүй үйлдлээс болж, халдвар буцаж нэмэгдээд байгаа сурагтай.
-“Funny Family” гэсэн пэйж хаягтаа сүүлийн үед ямар уран бүтээл хийв?
-Нөхөр О.Одбаатар:Уран бүтээл гэж хэлж болохгүй байх. Харин бусдад гэгээлэг сайхан бүхнийг л түгээх зорилготойгоор бичлэг хийж сонирхуулдаг юм. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө эхнэр бид хоёр ууланд алхангаа нэг бичлэг хийж тавьсан.
-Таны хувьд гитарыг их гоё дардаг юм билээ шүү. “Funny Family” гэсэн пэйж хуудас хүртэл нээсэн байсан. Энэ талаараа сонирхуулбал?
-Эхнэр Х.Ундрахбаяр:Баярлалаа гитарыг анх ахаасаа сурч байлаа. Харин хөгжилтэй гэр бүл гэсэн пэйж нээсэн гол шалтгаан нь анхны бичлэгийг маань их олон хүн таашааж үзэж маш олон хүмүүс влог хөтөлж, пэйж нээгээч гэж санал болгосон учраас 5 дахь бичлэгээ пэйж нээж хийсэн юм.
-Танай гэр бүлийн оруулсан бичлэгийг хүмүүс их сонирхож хүлээдэг болжээ. Үнэ цэнэтэй, үлгэр жишээ гэр бүл шиг санагддаг?
-Нөхөр О.Одбаатар:Баярлалаа мэдээж бусдад гэр бүлийн адил халуун дулаан уур амьсгал төрүүлэх зорилготой хийдэг. Бид бичлэгүүд дээрээ элдэв маяггүй өөрсдийнхөөрөө энгийн байгаагаараа л байхыг хичээдэг дээ. Тэр маань ч олон хүнд таалагддаг юм шиг байна билээ.
-Хөгжилтэй гэр бүл цар тахлын үеийн хөл хориог хөгжилтэй үр бүтээлтэй өнгөрүүлж байх шигээ?
-Эхнэр Х.Ундрахбаяр:Гэр бүлийг минь хайр, инээд хөөрөөр дүүргэж байдаг гол хүн бол миний хань, хөөрхөн хүүхдүүд юм шүү дээ. Аав ажлаа тарж ирээд хүүхдүүдтэйгээ нийлээд бужигнах нь л энэ гэр бүлийн аз жаргал, үнэт зүйлс юм шүү.
-Та гэр бүлээрээ БНСУ-д очиж ажиллахаар явсан юм билээ, хэдэн жил болж байна вэ?
-Нөхөр О.Одбаатар: Манай гэр бүл энд ирээд таван жил болж байна.
-БНСУ-д ажиллаж амьдрахын давуу тал ашиг гэж юу байна. Манайхан БНСУ руу явж ажиллаж, амьдралаа дээшлүүлнэ гэж мөрөөддөг ард түмэн?
-Эхнэр Х.Ундрахбаяр:Мэдээж сайн муу тал байлгүй яах вэ. Гэхдээ Солонгост давуу тал сурах зүйл их байна.
-Сайхан амьдралыг бий болгох боломж Солонгост бий юу?
-Нөхөр О.Одбаатар: Сайхан амьдрах боломж байна. Наад зах нь хүний хөдөлмөрийг үнэлж чадаж байна. Ажиллаж чадаж байвал амьдралаа сайхан болгох боломжтой газар.
-Ний нуугүй хэлэхэд Монголд иргэд нь стресс ихтэй, бухимдалтай байна. Одоо ажлын байрнуудын үйл ажиллагаа хумигдснаас болж нөхцөл байдал бүр хүндэрч байна. Үүнд та хоёр ямар бодолтой байна вэ?
-Нөхөр О.Одбаатар:Монголд стресстэй байх нь аргагүй шүү дээ. Нийгэм төр засаг маань ямар байгаа билээ. Би ч гэсэн Монголд цалингаасаа илүү гаргаж чадахгүй өрнөөс өрний хооронд л явдаг байсан. Ажлаа хийгээд байхад өрөө дарж чадахгүй үе ч байдаг байсан. Гэтэл одоо энэ хорио цээрээс болж ажлын байрууд зогсох нь том асуудал болж байна. Тийм болохоор түр зуурын энэ асуудлыг давж гарахийг хичээгээрэй ард түмэн минь гэж хэлье.
-Эхнэртэйгээ, нөхөртэйгээ анх танилцаж байсан түүхээ сонирхуулбал, ямар зан чанар нь таалагдаж, бие биедээ татагдаж байв?
-Эхнэр Х.Ундрахбаяр:Анх Дорнодын театрын наадмын тоглолтонд орохоор очихдоо нэгэн бүжигчин туранхай ахыг олж харж байлаа /инээв/. Бэлтгэл хийж хэд хоног хамт байсан мөртлөө нэг ч үг сольж чадалгүй байж байгаад /ичээд/ хэд хоногийн дараа наадмын талбай дээр найзтайгаа хуушуур идээд зогсож байтал ирээдүйн нөхөр болох Одбаатар хоёр найзтайгаа ирээд танилцъя гэж хэлээд танилцаж байлаа. Тухайн үед их зориг орсон байсан байх. Танилцъя гэдэг үгийг шууд хэлж байсан. Тэр үед биеэ авч яваа байдал нь их гоё цэх шулуун алхалттай үнэнч зан чанар нь их таалагдаж, түүнд нь татагдаж байлаа.
-Одбаатар ах их наргианч алиа хошин хүн шиг санагдсан. Үргэлж инээд хөөр баяр баясал хэн нэгэнд болон гэр бүлдээ бэлэглэдэг болов уу гэж харахаар?
-Эхнэр Х.Ундрахбаяр: Тийм шүү миний хань их наргианч хошин мэдрэмж өндөртэй. Хаа ч явсан ажлынхаа болон найз нөхдөө манлайлж инээд хөөрөөр тасалдаггүй алиа хүндээ. Гэртээ ч гэсэн их хөгжилтэй байдаг.
-Эхнэрийг нь чимдэг хамгийн гоё үйлдэл, ааш араншин юу бэ?
-Нөхөр О.Одбаатар:Миний ханьд олон сайхан чанарууд байгаа. Онцлоод хэлэхэд, гэр бүлийн ариун нандин харилцааг дээдэлж, гэр бүлийн үнэнч байдал, сайхан сэтгэл, зорьсондоо хүрдэг зан чанарууд гээд хэлээд байвал зөндөө бий дээ, тэр бүх зан аалинд нь татагдсан.
-Итгэлцлийн талаар та хоёр юу гэж боддог вэ. Нэг нэгэндээ итгэж байж энэ амьдралын эв гагнаас бат бөх байна гэж ойлгодог?
Нөхөр О.Одбаатар:Хайртай хосууд болон гэр бүлд хамгийн чухал нь мэдээж итгэлцэл, бие биедээ итгэж хүндэлж хайрлаж чадвал амьдрал цаашаа сайхан явна шүү дээ. Хамгийн гол нь хоёр биедээ үнэн ч байх нь чухал гэж боддог.
-Үргэлж хамт нэг дор байхаар бие биенээ хардах, битүүхэн харамлах тохиолдол байдаг уу?
-Нөхөр О.Одбаатар: Нуугаад яах вэ, залуу насанд хардах тохиолдол байлгүй л яах вэ. Битүүхэн харамлах тохиолдол байна. Гэхдээ хардах, харамлах хоёрыг өөр гэж бодож байна.
-Гэр бүлийн үнэ цэнэ, ариун нандин харилцаа гэж яг юуг хэлэх вэ?
-Гэр бүлийн үнэ цэнэ бол хүндэтгэл, үнэнч байдлаас эхлэх байх. Хувирашгүй үнэнч сэтгэл, үнэн хайр л чухал гэж бодож байна.
-Айл гэрийн аз жаргал бол яах аргагүй үр хүүхэд. Гурван хөөрхөн үртэйгээ хамт бичлэг хийх нь үнэхээр таалагддаг шүү. Үрсээ танилцуулаач?
-Нөхөр О.Одбаатар: Айл бүрт аз жаргал бэлэглэдэг ганц зүйл бол үр хүүхэд. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Том хүү Идэрхангай түрүү жил цэргийн алба хаагаад ирсэн. Удаах хүү Идэрбаяр Солонгосын бага сургуульд сурдаг. Гуравдахь нь охин Есүй цэцэрлэгт явдаг. Бага гүнж Есүйгэн нэг настай энэ амьдралын минь гол дүрүүд байна. Үр хүүхдүүдийнхээ дэргэд өсч торних, эгдүүтэй ааш зан үйл хөдлөлийг нь хором бүр харж суух шиг жаргал байхгүй.
-Том хүү хаана байдаг вэ?
-Одоогоор Монголд ажил хийгээд эмээтэйгээ хамт амьдарч байна.
-Үр хүүхдүүдийнхээ ирээдүйг ямар байгаасай гэж бодож төсөөлдөг вэ?
-Бусдын л адил эрдэм мэдлэгтэй болж сайн сайхан явуулахын төлөө ээж аав хоёр нь хүний нутагт хичээж ажиллаж амьдарч байна даа. Сайхан ирээдүйг нь бүтээж өгнө. Сайхан цаг ирнэ гэдэгт үргэлж итгэдэг.
-Цаашдын зорилгыг нь сонирхвол, хэзээ эх нутагтаа ирэх вэ?
-Зорьсон зорилго их бий. Хамгийн гол нь эрүүл энх байж зорилгоо биелүүлээд тун удахгүй Монголдоо очих төлөвлөгөөтэй байна.
-Эх нутаг, элгэн саднаа, ээж ааваа санадаг уу. Сайхан Монгол орныхоо юуг нь бодож дурсах дуртай вэ?
-Эх орноо ээж ах эгч дүү найз нөхдөө бүгдийг нь маш их санаж байгаа удахгүй очоод эх нутгаараа сайхан аялна гэж боддог. Эх нутгийн тухай дуу сонсохоор сэтгэл их эвгүй болдог.
-Монгол орныхоо хөгшил дэвшлийг ямар түвшинд хүрээсэй гэж боддог вэ?
-Улсын хөгжлийн талаар гэвэл улс орон хөгжих нь тодорхой, гол нь хувь хүний соёл, харилцаа маш чухал гэж бодож байна.
-Залуу хосуудад хандаж юу гэж хэлэх вэ?
Сүүлийн үед гэр бүл их салж сарниж хүүхэд өнчрүүлж байгаа нь маш харамсалтай санагддаг. Тийм учраас залуу хосууддаа захихад бие биенээ сайн таньж амьдралаа төлөвлөж нэг нэгэндээ итгэл дүүрэн байж гэр бүл болоорой гэж захъя.
-Ярилцлага өгсөн танай гэр бүлд баярлалаа. Гэр бүлд нь гэгээн сайхныг хүсье ээ?
-Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
Хайртай хосууд болон гэр бүлд хамгийн чухал нь мэдээж итгэлцэл, бие биедээ итгэж хүндэлж хайрлаж чадвал амьдрал цаашаа сайхан явна шүү дээ. Хамгийн гол нь хоёр биедээ үнэн ч байх нь чухал гэж боддог.