| | USD/MNT 0₮

Малчин М.Санжаасүрэн: Мал хулгайлж, амьдралын эх үүсвэрээ залгуулдаг залуус олон болжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын малчид өчигдөр малын хулгайн талаар мэдээлэл хийсэн билээ. Тус аймагт мах үнэтэй байдаг, зах зээлд шилжсэн болохоор малын хулгайн хэрэг гаарсан талаар тэд ярилаа.

Ингээд тус сумын Буйлан багийн малчин Санжаасүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Танай нутагт сайхан хавар болж байна уу?

-Сайхаан сайхан хавар болж байна. Хаваржаа тарган тавлаг сайхан байна даа.

-Танaй суманд малын хулгай их байдаг гэлээ. Таны хувьд хэдэн тооны бог мал алдсан бэ. Алдсан бог, бод малаа олж авч чадсан уу. Ер нь олдох боломж хэр байдаг вэ?

-2017 оноос хойш 32 адуу, зургаан үхэр, 48 бог хулгайд алдчихаад байна. Ямар хулгайч авсныг тогтоож мэдсэн зүйл байдаггүй. Үүнийг цагдаагийн байгууллагад сэжүүр гаргадаг ч хууль шүүхийн байгууллагад хэрэг нь очихоор өөр тийшээ хувирчихаад хэцүү юм. Хохирсон талд нь биш хохироосон талд нь үйлчлээд байна уу даа гэж харж, харддаг. Манай сум хулгайн хэргээр дээгүүр бүртгэгддэг. Яагаад гэвэл зах зээл хөгжсөн, зам дагуу арилжаа наймаа ихтэй. Мөн малын мах их үнэтэй байдаг.

-Таны хувьд хэдэн жил мал маллаж байгаа вэ?

-Би амьдралынхаа ихэнх хугацаанд адуу малласан. Долоон хүүхэд өсгөж хүмүүжүүлж, улсдаа долоон өрх нэмсэн. Хүүхдүүдээ малын ашиг шимээр өсгөж ирсэн. Гэтэл одоо зах зээлд шилжснээс хойш хаалттай боолттой нийгэмд амьдарч байна. Дээр нь малын ашиг шим үнэгүйдсэн.

-Аймаг орон нутгийн удирдлагууд малын хулгайтай тэмцэх ямар ажил хийж байгаа вэ?

-Малаа хулгайд алдсан малчид бүрт асуудал ярьдаг ч орон нутгаас юу ч хийхгүй байна. Ганц цагдаа яваад байдаг хүн хүчгүй, унаа малгүй хомсдоно. Хөөцөлдөж явж сэжүүр гаргаж хулгайчийг оллоо ч төлбөр төлөх чадваргүй, хохирол барагдуулдаггүй.

-Аймгийн шүүх прокурорын байгууллага хулгайчийн талд ажиллаж толгойг нь илээд байна гэж яриад байгаа. Ер нь хууль шүүхийн байгууллага хэр ажилладаг гэж бодож байна?

-Малын хулгайч нар чинь олон удаа байцаагдаж шалгагдаад ирэхээр хууль шүүхийнхэнтэй танил тал болж бараг ах дүүсээс ялгаагүй болчих юм. Би өнгөрсөн өвөл банкны үүдэн дээр өөрөөсөө олон насаар дүү согтуу залууд зодуулж, гарандаа бэртэл авсан. Үүнийг хуулийн байгууллага шалгасан ч шүүх прокурорын байгууллага хангалттай ажиллаж чадаагүй. Тэгэхээр ямар ажиллаж байгаа нь харагдаж байгаа биз дээ.

Тийм болохоор малаа хулгайд алдсан, өөр зүйлд хохирсон хүмүүс надтай адилхан л хангалттай биш байдаг юм байна гэсэн ойлголтыг авдаг болов уу. Хохирсон хүн биш хохироосон хүнийг хамгаалдаг шүүх прокурор байна уу даа гэж харж байна.

-Хулгайчдын талаар ярихаар заналт зуултанд ордог гэлээ. Ямар дарамт шахалт ирдэг вэ. Хэн дарамтлаад байдаг юм бэ?

-Янз бүрийн хэлбэрээр дарамтална. Адгийн наад зах нь морь чинь хурдан байна, адуу чинь өссөн байна, тоо толгой өссөн болохоор алга болж байгаа юм даа гэж иргэд, хулгайчид тавлана. Утга учрыг нь ойлгохооргүй зүйл их ярина.

-Буйлан багт малын хулгайн хэрэг их гараад байгаа шалтгаан нөхцөлийг та юу гэж бодож байна вэ?

-Ажилгүй залуус амар хялбар аргаар аж төрж амьдрахын тулд айлын өнгөтэй өөдтэй мал хулгай хийж байна. Ихэнх нь бүлэглэж хулгай хийдэг. Бусдыг уруу татаж, хойч үеэ буруу зүйлд уруу татаж байгаа томчууд ч байна.

-Өнчин ишиг хулгай хийсэн өршөөл байхгүй Эрүүгийн хуулиар шийтгэдэг болсон. Өөрөөр хэлбэл Малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгасан байгаа. Энэ хууль хэрэгжихгүй байна уу?

-Хуулийг үзэмжээрээ тайлбарлана. Хууль нь чанга ч хулгайч нар мэргэжлийн түвшинд мал хулгайлна. Бүл хүчгүй айлыг онилж, олон нийтийн сүлжээ, гар утас интэрнет ашиглаж бүлэглэж хулгай хийж байна. Муу юманд гарц олон байна. Ингээд хулгай хийчихээд харилцааны хэлбэрээр тохиролцоод ялаас мултрах тохиолдол байна. Шинэ хууль болохоор хэрэгжилтэд нь айхтар үр дүн харагдахгүй байна.

-Малын хулгайчтай яаж тэмцвэл болох юм шиг санагдаж байна вэ?

-Сум орон нутгаараа сумын удирдлагууд тэмцэж байж малын хулгайг зогсоох болов уу. Багаасаа хулгай хийвэл ямар ял шийтгэлтэй гэдгийг яс маханд нь ойлгуулмаар байгаа юм. Хууль чангарсан гэдгийг ойлгохгүй байна. Баригдсан ч аргалаад гаргана даа гэж боддог бололтой. Малын хулгайг удаан хугацаанд шалгана, хохиролгүй болгодоггүй энэ мэтээр аргацааж, малчдыг хохироогоод байгаад асуудал бий.

-Хулгай хийсэн мал махаа хаана нуух уу?

-Бохир аргаар нуудаг. Гол усанд толгой зэг сэм хаягдлыг нь хаядаг. Түүнээс болж малын янз бүрийн өвчин гарч байна. Малаа алдахгүй тулд малчид их тэмцдэг ч яаж ийж байгаад аваад явчихдаг. Алдсан мал эргээд олддоггүй. Хулгайлагдсан малынхаа сэжүүрийг гаргадаг ч хөөцөлдөөд явах гэхээр бүл хүчгүй болчихоод хэцүү байдаг.

-Хулгайч нарын ойрын хамаатнууд шүүх прокурорт ажиллаад байна уу?

-Хулгай хийсэн хүмүүс чинь хоорондоо танилцаж нэг нэгнээ бүүр мэддэг болжээ. Тиймээс далдуур тэд юу хийж байгаа мэдэхгүй шүү дээ. Шүүх прокурорынхан хулгайч малчин хоёрыг тохиролцчих гэдэг. Энэ бол маш буруу зүйл юм. Тохиролцохоос илүү бие биедээ өш санаж, дахиад мал хулгайлах тохиолдол гардаг.

-Малын хулгайчийг олж хуулийн хариуцлага тооцсон тохиолдол бий юу?

-Бид нар дундаас ганцхан адуу олсон төлбөрөө төлүүлсэн нь би. Төлбөрт унагатай ааштай цагаан гүү ирсэн. Авчраад гурав хонуулахад зөрүүлээд гурван адуу алдсан. Ер нь хулгайч олдох нь ховор доо.  Малын шилмэлүүдийг хулгайлдаг. Хулгайлсан малаа харгис хэрцгийгээр алж хаядаг.

-Малын хулгайтай тэмцэх алба хэлтэс гэж байдаг уу. Малчид өөрсдөө малаа хариулах, малаа коджуулах боломж бий юу? 

-Аймгийн төв дээр малын хулгайтай тэмцэх нэг алба гэж бий. Цагдаа нь Чимэддорж гэж хүн малын хулгайчийг олдог. Олсон үйлдлийг нь ил гаргадаггүй шүүх, прокурор нөгөө талд нь үйлчлээд нөлөөлөөд байх шиг. Тэгэхээр шүүх бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь шинэчлэхгүй бол малын хулгайн хэрэг буурахгүй. Сум орон нутгийн онцлогт тааруулж хууль хүчний байгуулалтын нөөцийг нэмэгдүүлэх ёстой байна.

-Танай сумын малчид ямаагаа самнаж, ноолуураа тушаасан уу?

-Өө тушаасан юм байхгүй. Засгийн газрын шийдвэрийг хараад байж байна даа.

-Малчдад зориулсан бас нэг хууль малчдын тэтгэврийн насыг наашлуулсан талаар та юу гэж бодож байна?

-Төр засгаас гаргаж байгаа шийдвэрт баяртай байлгүй яах вэ. Ялангуяа малчдад зориулсан уян хатан бодлого их байна. Монгол хүний дундаж наслалт хэд билээ. Малчдын хувьд эрт бурхан болох тохиолдол бий. Тиймээс тэтгэврийн насыг нь наашлуулсанд баяртай байгаа.

-Одоо ноолуурын нэг кг тутамд урамшуулал олгоно гэсэн?

-Харин тийм, сонссон. Засгийн газар нь бас хэрэгжүүлэх байх. Малчид ч гэсэн хүн. Тэр ямаа малыг малчид малладаг. Гэтэл ямаанд мөнгө өгөх гэлээ гэж энэ хотынхон бухимдаад байгаа юмуу даа. Хааяа ч болов халуунд халж, хүйтэнд хөрж, жилийн дөрвөн улиралд малын араас явдаг малчдыг харж байх ёстой шүү дээ.

 

 

Янз бүрийн хэлбэрээр дарамтална. Адгийн наад зах нь морь чинь хурдан байна, адуу чинь өссөн байна, тоо толгой өссөн болохоор алга болж байгаа юм даа гэж иргэд, хулгайчид тавлана. Утга учрыг нь ойлгохооргүй зүйл их ярина.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.