| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Үүний шалтгаан нь Сангийн яам болоод УУХҮЯ-ныхан эсрэг тэсрэг байр суурьтай байгаа гэсэн яриа нийгэмд тархаад байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Зарим сайд нар асуудлаа ойлгоогүй л явж байх шиг байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас АМНАТ-ын татвар төлөгдөхгүй байгаа. Татварын ерөнхий газраас надад албан тоот бичиг ирүүлсэн. Тус бичигт өдөрт 4.6 тэрбум төгрөг, арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 69.9 тэрбум төгрөгөөр тасарч 2019 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахад ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэ бол бодит байдал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг 70 тэрбумыг хохироосон асуудал үүслээ" гэлээ.
-Сангийн яам болон УУХҮЯ-ын байр суурь зөрүүтэй байсны улмаас АМНАТ-ын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан гэх яриа нийгэмд тархаад байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газар эхнээсээ нэг л байр суурьтай байгаа. Энэ бол өөрчлөгдөхгүй. Д.Сумъяабазар сайд Засгийн газрын шийдвэрээс өөр байр суурьтай байгаа юм шиг байна.
-Танхимын сайд нь Засгийн газраасаа өөр байр суурьтай байж болох уу?
-Болохгүй. Уг нь энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Д.Сумъяабазар Засгийн газрын байр суурийг дагана гэдгээ илэрхийлсэн шүү дээ. Ашигт малтмалыг ашигласан, худалдсан, экспортлосон тохиолдолд АМНАТ-ын төлбөрийг төлнө. Бид үндэслэлээ гаргахдаа бусад улс орны туршлагатай харьцуулсан судалгааг хийсэн. Тэр жишгээр л явж байгаа. Тэрнээс биш дэлхийд огт байхгүй зүйлийг хийчихээгүй. Энэ татвар дэлхийн бусад бүх оронд адилхан үйлчилж байгаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.