| | USD/MNT 0₮
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм.
Тус тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгахаар тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн 1-р зүйлийн 1 дэх заалтаас “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах” гэснийг хасах, УИХ-ын гишүүн Б.Жавхлан тогтоолын төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтын “Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэснийг “Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах” гэсэн найруулгын шинжтэй саналууд гаргажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ Д.Лүндээжанцан гишүүн "Гэрээг сайжруулах гэж байгаа бол үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх ёстой гэсэн зарчим хэрэгжих ёстой" хэмээн онцолсон юм.
УИХ-ын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалт, орд газрын ашиглалт, монголын талын өгөөж, түүнийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөц бүрэн тогтоогдсон эсэх, хайгуулын зардал, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн шалтгаан, татвартай холбоотой хорр талын үл ойлголцол, зөрчлийн талаар Эдийн засгийн байнгын хороо болон Ажлын хэсгээс тодруулан хариулт авч, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн энэхүү ордыг ашиглах талаар хэрхэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.