| | USD/MNT 0₮

Хатуу хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Гамшгаас хамгаалах бэлэн байдал буюу Нийслэлд нэгдүгээр сарын 6 хүртэл тогтоосон хатуу хөл хориог сунгах уу, эсвэл сулруулах уу гэдгийг шийднэ. 

Улс орон даяар бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон үеэс эхэлж нийслэлчүүд бараг хоёр сар гэртээ хоригдож байна. Зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилчид ажлаа хийж байгаа бол бусад байгууллагууд онлайнаар ажлаа явуулж байна.  Ихэнх бизнес зогссоноор аж ахуй нэгжүүд ажилчдаа цомхотгох, урт хугацааны чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч эхлээд буй.

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол өнөөдрийн байдлаар 1263 болсон. Монгол Улсад батлагдсан 1263 халдварын 776 нь дотоодод, 406 нь зөөвөрлөгдөн орж иржээ. Нийслэл халдварын голомт болсноос хойш өдрөөс өдөрт халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэж байна.

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө "Нийслэлд мэдэгдэхгүй 4 голомт үүслээ. Мөн халдвартай иргэд олон нийтийн дунд явах магадлал өндөр байна. Тандалтаар авсан шинжилгээгээр олон нийтийн дундаас 18 халдвар илэрсэн" гэсэн мэдээлэл хийсэн нь коронавирус хаа сайгүй тарсан байгааг хэлж байх шиг.  Тиймээс өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаад хөл хориог дахин 14 хоногоор сунгах болов уу гэсэн таамаглал байна. 

Дотоодод тархсан халдварын голомтыг хяналтдаа авахыг хичээж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдсэн. Гэхдээ нийслэлд бүртгэгдсэн халдварын том голомтуудаас дөрвөн эх үүсвэрийг олж тогтоож чадаагүй, тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Хамгийн ноцтой нь, ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн, балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх магадлалтай болсон.

Нийслэлийн дүүргүүдээр авч үзвэл, Баянзүрх 264, Баянгол 52, Сүхбаатар 30, Сонгинохайрхан 38, Хан-Уул 38, Чингэлтэй 25, Налайх 2, Багануур 2, Багахангай дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин орон нутагт гарсан халдвар хумигдаж, аймгууд эрүүл бүс болсноо зарлаж байгаа билээ. 

Монгол Улс нийслэл дэх халдварын голомтоо барьж, цомхотгож чадвал цар тахлыг богино хугацаанд хяналтад оруулах боломжтой хангалттай байсан ч хамж чадахгүй байна. Хориод байх тусам халдварын тоо нэмэгдээд байгаад ямар учир байна вэ хэмээн олон нийт шүүмжилж байгаа юм.

Ингээд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гарахыг эргэн мэдээлнэ. 

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Гамшгаас хамгаалах бэлэн байдал буюу Нийслэлд нэгдүгээр сарын 6 хүртэл тогтоосон хатуу хөл хориог сунгах уу, эсвэл сулруулах уу гэдгийг шийднэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.