| | USD/MNT 0₮

Шүүх:Оймсондоо ам.доллар нуусан дарга асан Н.Баярсайхан нарт оноосон ялыг хөнгөдсөн хэмээн үзжээ

МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард болсон билээ. 

Гэм буруугийн шүүх хурлаар шүүгдэгч Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, 2 жил 8 сарын хугацаатай хорих ял оноов. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.           

Харин шүүгдэгч Э.Аззаяад нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял, 

Шүүгдэгч Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Элдэв-Очирыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож,  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч С.Бүрэнтөгсийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.Төмөрбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оноосон юм.

Харин шүүгдэгч нар болон өмгөөлөгч нар Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан байсан. Тэгвэл өчигдөр шүүх хурал нь болж Н.Баярсайхан нарт оноосон ялыг хөнгөдсөн хэмээн үзэж, анхан шатны шүүх рүү хэргийг буцаажээ. 

Эргэн сануулахад, МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-нд хянан хэлэлцэж, авлига авсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. 

Иймээс прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-нд уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан. 

Тэгвэл өчигдөр Давж заалдах шатны шүүх хурал нь болж Н.Баярсайхан нарт оноосон ялыг хөнгөдсөн хэмээн үзэж, анхан шатны шүүх рүү хэргийг буцаажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.